Түүхэн Замнал

УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА

Хувьсгалын анхны жилүүдэд Нийслэл хотын гудамж талбай, зээлийн газрын өнгө төрхийг цэвэр цэмцгэр байлгах, айл өрх, хашаа хороог бүртгэж, нэр дугаар тогтоох, байшин барилгыг сэлбэн засах, шинээр барих гэх мэт олон ажлууд зураг төсөвгүй хийгдэж байжээ.

Харин 1930-аад оны сүүлээр Нийслэл хотын төвийн хэсгийг шинэчлэн зохион байгуулах анхны зураг төлөвлөгөөг гаргаж, зарим хуучин хашаа байшинг буулган чөлөөлж, дан давхар барилга барих, гудамж талбайг засварлах, цардмал шинэ зам тавьж тохижуулах ажлууд хийгдэж эхэлсэн юм.

1953-1954 онд ЗХУ-ын Москва хотын “ГИПРОГОР” хүрээлэнгээс уригдан ирсэн мэргэжилтнүүд “Улаанбаатар хотын хөгжлийн анхны ерөнхий төлөвлөгөөг” боловсруулжээ. Нийслэл хотын хөгжлийн хурдац, хүн ам, оршин суугчдын тоо эрс нэмэгдсэнтэй холбогдуулан 1960-1980 онд хөгжүүлэх хоёр дахь ерөнхий төлөвлөгөөг “ГИПРОГОР” хүрээлэн дахин боловсруулсан байна.

Сайд нарын зөвлөлийн 1961 оны 417 дугаар тогтоолоор уг ерөнхий төлөвлөгөөг баталснаар өнөөгийн тохилог орон сууц, иргэний барилга байгууламж, орчны зам талбай, гэрэлтүүлэг, цахилгаан дулааны эрчим хүч, радио, холбоо, ус түгээгүүр, ариутгах татуурга, төрөл бүрийн үйлчилгээний цэг салбар бүхий орчин үеийн олон хорооллууд бий болох үндэслэл тавигдсан байдаг.

Улмаар Улаанбаатар хотын хөгжлийн төлөвлөлт, барилгажилтын үндсэн асуудлыг шийдвэрлэж, эмх цэгцтэй, зохион байгуулалттай гүйцэтгэх зорилготойгоор хотын Ардын Депутатын Хурлын гүйцэтгэх захиргааны 1962 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 341 дүгээр захирамжаар “Хотын Архитектур төлөвлөлтийн газар”-ыг 12 нэгж орон тоотойгоор байгуулсан явдал нь одоогийн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хэмээх нэгэн их айлын түүхэн замналын үндэс суурь болсон юм

Ерөнхий төлөвлөгөөний дагуу барьж, байгуулах хот байгуулалтын бодлого, дэг журмыг сахиулах үүднээс Сайд нарын Зөвлөлийн 1975 оны 104 дүгээр тогтоолоор “Хотын Архитектур төлөвлөлтийн газар”-ыг өргөтгөн “Улаанбаатар хотын Барилга архитектурын газар” болгон зохион байгуулснаар ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавих, барилга байгууламжийн архитектур төлөвлөлтийн чанарыг өндөр түвшинд байлгах, хүн амын нягтрал суурьшлыг зохистой шийдвэрлэх, гудамж талбайн тохижилт, цэцэрлэгжилтийг иж бүрэн төлөвлөх, хот, дагуул хотуудын нутаг дэвсгэрт геодезийн зураглал хийх, барилгын улаан шугам тавих, гүйцэтгэлийн зураг хөтлөх, зураг төсөл боловсруулах зэрэг ажил хийгдэж байжээ.

Мөн СНЗ-ийн 1978 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 294 дүгээр тогтоолоор “Улаанбаатар хотын Архитектур төлөвлөлтийн газар”, Улаанбаатар хотын Ардын депутатын хурлын гүйцэтгэх захиргааны 1991 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 02 дугаар тогтоолоор “Улаанбаатар хотын Хот байгуулалт төлөвлөлтийн газар” хэмээн байгууллагын нэр тус тус өөрчлөгдсөн байна.

Монгол Улсын Их Хурал 1994 онд “Нийслэлийн эрх зүйн байдлын тухай” хуулийг батлан гаргасан бөгөөд уг хуулийн 6 дугаар зүйлд “Нийслэлийн Засаг дарга нь Улаанбаатар хотын захирагч байх бөгөөд тэрээр хотын аж ахуйг биечлэн зохион байгуулах, мэргэжлийн албадыг зохицуулан удирдах үүрэг бүхий хотын ерөнхий менежерийг томилон ажиллуулна”, “Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба нь Нийслэлийн Засаг даргын ажлын албанаас тусдаа байна” гэсэн заалтууд тусгагдсанаар Хот нийтийн аж ахуйг хариуцах чиг үүрэг бүхий захиргааны байгууллага буюу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба байгуулагдах эрх зүйн үндэс тавигджээ

Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулинд “Хот, тосгоны аж ахуй нь оршин суугчдын нийгэм, эдийн засаг, ахуй, соёлын хэрэгцээг хангахтай холбогдсон үйлдвэр, үйлчилгээний газар, орон сууц, зам, тээвэр, холбоо, дулаан, усан хангамж, цэвэрлэх байгууламж болон хот нийтийн аж ахуй зэргээс тус тус бүрдэнэ” гэж заасан байдаг. Улмаар Монгол улсын Засгийн газрын 1994 оны 229-р тогтоол, Нийслэлийн Засаг даргын 1995 оны А/13 дугаар захирамжаар Хот байгуулалт, төлөвлөлтийн газрыг татан буулгаж, “Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба”-ыг Барилга, хот байгуулалтын алба, Үйлдвэрлэл, үйлчилгээний алба, Орон сууц хуваарилалтын тасаг зэрэг зохион байгуулалтын нэгж бүхий 47 орон тоотойгоор байгуулжээ

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба нь Монгол улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн эдийн засаг, нийгмийн хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх, Улаанбаатар хотын инженерийн дэд бүтэц, тохижилт, ногоон байгууламж, хог хаягдал, хүнс худалдаа, үйлчилгээ, орон сууц зэрэг хотын нийтийн аж ахуйг удирдан зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих үндсэн үүрэг бүхий нутгийн Захиргааны удирдах байгууллага юм.

Нийслэлийн иргэдийн ая тухыг хангаж, цэвэр, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэхийн төлөө гүйцэтгэж ирсэн тус албаны үйл ажиллагаа нь хотын оршин суугчдад танигдаж, шинэ хотын шинэ иргэн төлөвшиж, хотын соёлд суралцан, хот байгуулалтын бодлого, бүтээн босголтын хурдыг даган ажиллаж сайхан амьдрах нөхцлийг бүрдүүлж байгаа билээ.

Хөгжлийн явцад Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны бүтэц, зохион байгуулалт дараах байдлаар өөрчлөгдөж байсан.

  • Нийслэлийн Засаг даргын 1995 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн А/276 дугаар захирамжаар Нийслэлийн Газрын алба байгуулагдсантай холбогдуулан Хотын ерөнхий менежерийн 1996 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б/02 дугаар тушаалаар Барилга хот байгуулалтын албаны зарим орон тоог Нийслэлийн газрын албаны бүтцэд шилжүүлж, нэгтгэсэн.

  • Монгол улсын Засгийн газрын 1997 оны 108 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын Б/131 дүгээр захирамжаар УБЗАА-ны Орон сууцны тасгийг татан буулгаж, Хот байгуулалтын хэлтэс, Инженерийн байгууламжийн хэлтэс, Хот тохижилтын хэлтэс, Үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс гэсэн 4 хэлтэс, 41 орон тоотой болгон зохион байгуулсан. Эрхлэх асуудлын хүрээнд Ус суваг ашиглалтын газар, Хот тээвэр зохицуулалтын газар, Орон сууц нийтийн аж ахуйн компани, Хотын мал эмнэлгийн газар, Иргэдэд үйлчлэх “Буян” компани, Мах тос бэлтгэлийн компани, Хот тохижилт компани, Гадаадын иргэдэд үйлчлэх “Гэгээ” компани, “Зураг төсөл” компани, Геодезийн үйлчилгээ компани, “Улаанбаатар импэкс” компани, Түлшний мод бэлтгэх компани, Халаалтийн зуух ашиглалтын төв зэрэг 11 байгууллагыг ажиллуулахаар тогтоосон байна.

  • Монгол улсын Засгийн газрын 2000 оны 185 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 425 дугаар захирамжаар Инженерийн байгууламжийн хэлтэс, Үйлдвэрлэл үйлчилгээний хэлтэс, Хот тохижилтын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс гэсэн 4 хэлтэс, 44 орон тоотой болгон зохион байгуулж, эрхлэх асуудлын хүрээнд Ус суваг ашиглалтын газар, Орон сууц, нийтийн аж ахуйн газар, Хөрөнгө оруулалтын газар, Тээврийн газар, Халаалтын зуухны ашиглалтын газар, Үндэсний соёл амралтын хүрээлэн, Иргэдэд үйлчлэх Буян, Улаанбаатар зам засвар, Гэрэлтүүлэг-чимэглэл, Нөөц, Цэцэрлэгжилт, Улаанбаатар-Ус компани зэрэг 12 байгууллага ажиллуулахаар тогтоосон.

  • Монгол улсын Засгийн газрын 2003 оны 7, 9 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын 39 дүгээр захирамжаар Мэргэжлийн хяналтын хэлтсийг Газар болгон тусад нь гаргаж, Аялал жуулчлалын хэлтсийг шинээр байгуулан 4 хэлтэс, 35 орон тоотой,

  • Монгол улсын Засгийн газрын 2006 оны 196 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 23 дугаар захирамжаар Хот тохижилтын хэлтсийг газар болгон гаргаж, Хот нийтийн аж ахуйн хэлтсийг шинээр байгуулан мөн 4 хэлтэс, 35 орон тоотой,

  • Монгол улсын Засгийн газрын 2012 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 190 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2013 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн А/07 дугаар захирамжаар Захиргаа, санхүүгийн хэлтэс, Инженерийн байгууламжийн хэлтэс, Үйл ажиллагааны мониторингийн хэлтэс, Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэс, Тохижилт хог хаягдлын удирдлагын хэлтэс (Хот нийтийн аж ахуйн хэлтэс, Орчны бохирдол хог хаягдлын менежментийн хэлтсийг нэгтгэсэн), 45 орон тоотой болж, эрхлэх асуудлын хүрээнд Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар НӨҮГ, Ус сувгийн удирдах газар НӨҮГ, Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төв НӨҮГ, Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар ОНӨААТҮГ, Улаанбаатар лифт ОНӨААТҮГ, Багахангай мах боловсруулах үйлдвэр ОНӨААТҮГ, Илч орд ОНӨААТҮГ, Багануур ус ОНӨААТҮГ, Налайх тохижилт ОНӨААТҮГ, Чандмань Налайх ОНӨААТҮГ, “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ, Улаанбаатар хотын Шуурхай удирдлага, зохицуулалтын төв, Улаанбаатар хотын Захирагчийн гэр хороолол дахь Ажлын алба” нийслэлийн төсөвт үйлдвэрийн 10 газар зэрэг 23 байгууллагыг ажиллуулахаар тус тус тогтоосон байна.

  • Монгол улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 08 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн А/28 дугаар захирамжаар Захиргаа, санхүүгийн хэлтэс, Инженерийн байгууламжийн хэлтэс, Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтэс, Үйл ажиллагааны мониторингийн хэлтсийн нэр өөрчлөгдөж, Аудит, дотоод хяналтын хэлтэс болсон бөгөөд 55 орон тоотойгоор тус тус зохион байгуулагдсан.

Эрхэлсэн ажлын хүрээнд Хот тохижилтын газар ОНӨААТҮГ, Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ, Улаанбаатар зам засвар, арчлалтын газар ОНӨААТҮГ /Нийслэлийн засаг даргын 2016 оны А/638 дугаар захирамжаар Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлийг татан буулгаж, НИТХ-ын 2016 оны 08 дугаар сарын 31-ний 14 тоот тогтоолоор Хот тохижилтын газар ОНӨААТҮГ, Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ, Улаанбаатар зам засвар, арчлалтын газар ОНӨААТҮГ болгон өөрчлөн байгуулагдсан/, Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ, Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар ОНӨААТҮГ, Шуурхай удирдлага зохицуулалтын төв ОНӨҮГ, Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨҮГ, Ахмадын хотхон ОНӨААТҮГ, Улаанбаатар лифт ОНӨААТҮГ, Монгол наадам цогцолбор ОНӨТҮГ, Багахангайн мах боловсруулах үйлдвэр ОНӨҮГ зэрэг 12 байгууллагыг (харъяа) ажиллуулахаар тогтоосон.

  • Монгол улсын Засгийн газрын 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 100 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/565 дугаар захирамжаар Захиргаа, санхүүгийн хэлтсийн нэр өөрчлөгдөж, Захиргааны удирдлага, санхүүгийн хэлтэс, Инженерийн байгууламжийн хэлтсийн нэр өөрчлөгдөж, Хотын инженерийн байгууламжийн хэлтэс, Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн нэр өөрчлөгдөж Хүнс үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний хэлтэс, Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн чиг үүргийн хүрээнд нь салгаж, Хотын тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн хэлтэс, Хог хаягдлын удирдлага, зохицуулалтын хэлтэс, Аудит, дотоод хяналтын хэлтсийн нэр өөрчлөгдөж, Дотоод хяналтын хэлтэс, 55 орон тоотой,

  • Монгол улсын Засгийн газрын 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 360 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн А/98 дугаар захирамжаар Захиргааны удирдлага, санхүүгийн хэлтсийн хэлтсийн нэр өөрчлөгдөж Захиргаа, санхүүгийн хэлтэс, Хотын инженерийн байгууламжийн хэлтэс, Хүнс үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний хэлтсийн нэр өөрчлөгдөж Хүнс, хөдөө аж ахуй, худалдаа, үйлдвэр, үйлчилгээний хэлтэс, Хотын тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн хэлтэс, Хог хаягдлын удирдлага, зохицуулалтын хэлтсийн нэр өөрчлөгдөж Орчны бохирдол, хог хаягдлын удирдлагын хэлтэс, Дотоод хяналтын хэлтсийн нэр өөрчлөгдөж Хяналт, үнэлгээний хэлтэс, 60 орон тоотой,

  • Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 430 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн А/16 дугаар захирамжаар Хүнс, хөдөө аж ахуй, худалдаа, үйлдвэр, үйлчилгээний хэлтсийн нэр өөрчлөгдөж Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Хотын тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн хэлтэс эрхлэх чиг үүргийн хүрээнд Хотын ногоон байгууламж, тохижилтын хэлтэс, Дугуйн ба явган хүний зам, тохижилтын хэлтэс гэж 2 хэлтэс болон өөрчлөгдөж, 7 хэлтэс, 64 орон тоотой,

  • Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 81 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн А/492 дугаар захирамжаар Захиргаа, санхүүгийн хэлтсийн нэр Захиргаа, санхүүгийн удирдлагын газар болж, дотроо Мэдээлэл, технологи, төлөвлөлтиийн хэлтэстэй, Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн нэр Хотын инженерийн дэд бүтцийн газар болж, дотроо ашиглалт, удирдлагын хэлтэстэй, Хяналт, үнэлгээний хэлтсийн нэр Хяналт, үнэлгээний газар, Хүнс, худалдаа үйлчилгээний хэлсийн нэр Хүнс, худалдаа үйлчилгээний газар, Тохижилт, хог хаягдлын удирдлагын газар гэсэн шинэ нэгж үүсч, дотро Хотын ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн хэлтэс, Орчны бохирдол, хог хаягдлын удирдагын хэлтэс, Хотын тохижилтын хэлтэс (Дугуйн ба явган хүний зам, тохижилтын хэлтсийн нэр өөрчлөгдөж Хотын тохижилтын хэлтэс)-тэй болж, тус тус өөрчлөгдсөн (5 газар, 4 хэлтэс, 58 орон тоотой).